Мэндчилгээ Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 15:11

МЭНДЧИЛГЭЭ

- Та ямар сургууль төгсөөд төр засагт ямар ажил алба хашиж ирэв ээ?
Би 1984 онд ЗХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг нябо, эдийн засагч мэргэжлээр төгсч Увс аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст 1984-1990 онд мэргэжилтэн, 1990-2000 онд аймгийн Татварын албаны дарга, 2000-2005 онд Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга, 2005-2009 онд Хадгаламж банкны салбарын захирал, 2009 оны 7 дугаар сараас аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитороор ажиллаж байна. 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн юм.

 

- Та төрөлх сумандаа дэм тус хүргэх талаар байнга анхаарал тавьж явдаг хүн гэж ойлгож байгаа?
- Сумын төлөө хийсэн зүйлүүд цөөнгүй бий. 1990 оноос хойшхи сүүлийн 20 жилд сумын болон сургууль, цэцэрлэгийн ой, Ө.Тулгаа зааны, Ч.Бат-Эрдэнэ багшийн болон бусад алдартан гавъяатны алдар тэмдэглэх, сумын төсөвт байгууллагуудын он дамжсан төсвийн өрийг барагдуулах, эмнэлгийн болон халуун усны шинэ барилга, ЗДТГ-ын байр, сургууль, сургуулийн дотуур байр, зочид буудал, цэцэрлэг, соёлын төвийн засвар, халаалтын асуудлыг шийдвэрлэх, байгалийн бэрхшээлтэй үед хөнгөлөлттэй үнээр малчдад тэжээл тараах, өвс тэжээлээр хангах, бусад тусламж үзүүлэх, Улаангом хот дахь нутгийн зөвлөлийн шугамаар суманд хандив, тусламж олгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож зүтгэснээ дурсан тэмдэглэхэд таатай байна.
- Улаангом хот дахь нутгийн зөвлөлийн даргыг хэдийнээс хийж, ямар онцлох ажил хийж байна вэ?
- Улаангом хот дахь Малчин сумын нутгийн зөвлөлийн даргыг 1990 оноос хойш тасралтгүй 20 жил хийж байна. Энэ хугацаанд нутгийн зөвлөлийн шугамаар хэд хэдэн тодорхой ажил зохион байгуулсан.
- Сумын болон сургууль, цэцэрлэгийн ой тэмдэглэх зохион байгуулах үед хандив тусламж олгож Улаангомд амьдарч байгаа хүмүүс нутаг сэтгэлээ гаргаж байгааг хэлье.
- Ч.Загиржав, Г.Батбаяр, Ө.Хашхүү, Ц.Нямдорж нарын гавъяатын, Ө.Тулгаа, Ө.Сумъяа, Ч.Энхмэнд, Ч.Бат-Эрдэнэ, Л.Чулуухай, Б.Ганболд нарын алдрыг хүндэтгэн хүндэтгэл үзүүлж ирлээ.
- Хүрэн морьтын давааны зам засах, сумын шинэ эмнэлгийн өрөө тохижуулах, байгалийн бэрхшээлтэй үед малчдад тусламж үзүүлэх, цанын улсын аваргын тэмцээн зохион байгуулах, сумын түүхэн товчоо ном бүтээх зэрэгт хандив тусламж олгож идэвхтэй оролцов.
- Аймгийн төвд амьдарч байгаа гавъяат жүжигчид оролцсон ХДТеатрын жүжигчдийн тоглолтыг сумын бүх багуудад тоглуулж урлаг, соёлоор үйлчлэх ажлыг зохион байгуулав.
- Сумын нэрэмжит бөхийн барилдаан, сумын урлагийн тоглолтыг Улаангомд шинээр нээгдсэн бөхийн өргөө, спорт цогцолборт зохион байгууллаа.
- Жил бүр сумын харъяат 60-аас дээш настай 50-60 гаруй ахмадуудыг сүүлийн дөрвөн жил дараалан уулзуулж хүндэтгэл үзүүлэн хэвшиж байна. Энэ ажилд Улаангомд ажиллаж амьдарч байгаа ажил хэрэгч хүмүүс ихээхэн санаачилгатай оролцож байна.
- Сум, сургууль, цэцэрлэг байгуулагдсаны ой тохиож байна. Та юу хэлэх вэ?
- Төрж өссөн нутаг маань өнгөтэй өгөөжтэй, ард олных нь амьдрал жилээс жилд тэгширч байх нь бидний хувьд бахархал байх ёстой. Эдгээр ой бол хөгжлийн нэгэн үеийг дүгнэж, шинэ гарааны эхлэл болох учиртай. Ийм учраас ойгоо сайхан тэмдэглэж буй нутаг нэгтнүүдийн минь үйлс бүтээл оноос онд арвижин дэлгэрэх болтугуй гэж ерөөе.

Малчин сумын Улаангом хот дахь
нутгийн зөвлөлийн дарга Л.Бат-Очир